Н. Хөлгөн: LADA Niva бол миний хувьд ХЭМНЭЛТ, бас ХЭРЭГЛЭЭ

  • Өмнө нь унадаг байсан автомашин: Toyota Camry, Lexus 470
  • Одоо унадаг автомашин: LADA 4×4 Urban 5 Door
  • Сонирхол: Бүх л спортод дуртай. 4х4 уралдаан зэрэг “Extreme” спорт бас сонирхоно, чамин пүүз өмсгөл цуглуулдаг, жилийн 4 улирлын аль ч үед найзуудтайгаа аялах дуртай.
  • Эрхэлдэг ажил: “Team ETTE”ХХК, Гүйцэтгэх захирал

Автомашинаа хэрхэн сонгосон тухай

2019 оны 12 сард цоо шинэ 5 хаалгатай LADA 4×4 Urban автомашин худалдан авснаас хойш яг 6 сар орчим унаж байна. Одоогоор нийт 9300 км явжээ.


Ажлын шаардлагаар, мөн өөрийн сонирхлын дагуу хөдөө их явдаг. Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай зэрэг чиглэлд жилийн 4 улирал хамаарахгүй, сайн явчихдаг. Тийм болохоор хөдөө, бартаат замд машин тэсэхгүй эвдрэх нь их, мөн бензин их зарцуулна. Япон автомашин бол тав тухын хувьд мэдээж сайхан. Би өөрөө бартаатай, сонирхолтой замыг сонгож яваад байдаг талтай. Кайф авах гэж тэр:). Өмнө нь унаж байсан Lexus 470 автомашинаа замын бартаанаас болоод ч тэр үү, би өөрөө туршлагагүй ч байсан байх, их л эвдэлдэг байлаа:).


Тэгээд 2019 оны 12 сард дунд гарын жийп автомашин худалдаж авахаар сонирхож хайж эхэлсэн. Миний шалгуур бол:
Нэгт: Шинэ автомашин байх
Хоёрт. Үнийн хувьд боломжийн байх
Гуравт. Хөдөө ажлаар болон аялал зугаалгаар явахад тохиромжтой, зай багтаамж боломжийн, туулах чадвар сайтай, 2-3 жил гар хүргээд байхааргүй автомашин байхад болно оо гэж бодож байлаа.


Заа тэгээд, судлаад байсан чинь 5 хаалгатай LADA 4х4 автомашины доторх зай багтаамж боломжийн, мөн тэнхлэг боломжийн өндөр юм байна гээд сонирхож эхэлсэн. Гол нь үйлдвэрлэсэн огноо нь 2019 оны 10 сар буюу дөнгөж үйлдвэрээс гарсан гэдэг нь миний сонирхлыг нилээн татсан л даа. Худалдаж авахаар шийдээд бор өнгийг сонготол LADA Mongolia–ийн showroom дээр бор өнгө нь байгаагүй, дууссан байсан. Тэгээд асфальтан саарал өнгийн 5 хаалгатай LADA 4×4 Urban автомашиныг унаж ч үзэлгүйгээр шууд авсан даа.


Ааа бас, шинэ Нива худалдаж авбал эхний 35,000км гүйлтийн сервис үйлчилгээ үнэгүй гэх зэрэг албан ёсны дистрибьюторээс үзүүлэх үйлчилгээ нь надад таалагдаж, миний шийдвэр гаргалтад нөлөөлсөн шүү.

Гэрэл зурагчин: Piaa photography

6 сарын дараах сэтгэгдэл

LADA Nivaг анх авахад л надад 80% ийн хүлээлт байсан. Хөгжимгүй юм байна, дуу чимээ, битүүмж хэр бол гээд л бодсон. Оросууд хүн сууж явахад тав тухтай байхыг бодолцохоосоо илүү туулах чадварыг нь бодож машин хийдэг дээ гэж бодож байлаа. Эрх биш 2019 онд шинээр үйлдвэрлэж байгаа юм чинь мотор, кроп гээд л бүх талаараа сайжраад, өөр болсон байлгүй гэж бодож авсан даа. Одоо 6 сар гаран унаж байна. Энэ хугацаанд эвдэрч гэмтсэн, дуу шуу орсон юм байхгүй л байна. Сэтгэл ханамж 80%-даа хэвээрээ л байгаа. Хэрэв энэ хугацаанд хуучин машинаа унаж байсан бол дор хаяж хоёр удаагийн засвар хийгдэхүйц их, бага хэмжээгээр эвдрэл гэмтэл үүссэн байгаа байх. Ялангуяа энэ жил Дарханы зам олон хүний эд хөрөнгийг сүйтгэсэн. Машинаасаа буугаад алхмаар хүртэл санагддаг хэцүү зам. Дарханы зам дээр Нивагаараа хэд хэд явсан. Нэг, хоёр удаа дугуй хагарсныг эс тооцвол, Нива маань эвдрээд зогссон удаа нэг ч байхгүй шүү хөөрхий:).


Хэрэглээний зардлын хувьд ч зөрүүтэй шүү! Өмнө нь миний унаж байсан Lexus 470 хот дотор багцаагаар 100км/25л, шулуунд 100л/17л түлш зарцуулдаг байсан. Харин одоо Нива бол хот дотор 100км/13л, шулуун замд 100км/7л орчим зарцуулж байна. Мост, хүндрүүлэгч залгавал идэх л байх. Би тэгж их залгаад, хүндрүүлээд байх шаардлага байдаггүй юм дөө. Lexus 470 автомашины нэг ширхэг амортизатор багадаа л 400,000₮, харин Нива автомашины нэг ширхэг амортизатор 100,000₮. Урд хойд амортизатороо солиулъя гэвэл Lexus 470 автомашинд 1,600,000₮, харин LADA Niva–нд нийт 400,000₮ зарцуулна.


Туулах чадвар сайтай болохоор Нивандаа суухад хүч мэдрэгддэг, баргийн юманд тулахгүй амар байдаг. Ер нь механик автомашин яг л жолоочийн ур чадвараас хамаарч явдаг онцлогтой. Хэн дуртай нь унаад явчихдаг эд биш шүү. Одоо бол миний машин явдал нь жигдэрцэн дээ, уяа сойлго нь таарсан гэдэг шиг л. Миний машиныг өөр хүн барихаар их эвтэйхэн байна гэдэг.


5 хаалгат нь 3 хаалгатай Ниватай харьцуулахад, их сул шороотой газраар явбал битүүмж тийм сайн биш, хаалгануудын резинийг солиод битүүмжийг бүр сайжруулчихмаар санагдсан. Мөн арын суудал руугаа тусгайлан халуун үлээдэггүй юм билээ. Яахав нэмэлтээр хийж тоноглож болох л байх. Ер нь тоноглоё гэвэл, тоногийг маш урамтай авдаг машин шүү.

 

Гэрэл зурагчин: Piaa photography

Нива таны хэрэглээнд

Би өөрийгөө LADA Niva унана гэж зүүдлээ ч үгүй явсан шүү (хаха). Дөнгөж 20 настай байхад том том үнэтэй машин л толгойд эргэлддэг байлаа. Олон ч сайхан машин унаж үзсэн. Тэгээд бензин тос, сервис үйлчилгээний зардлаас авахуулаад л өмд шувтрах шахна шүү дээ (хаха).


Өвлийн улиралд би машиныхаа ард ангийн нэхий үстэй дээл, нохой гутал, мишок, аяллын ширээ сандал гээд бүх хэрэгтэй зүйлсээ байнга авч явдаг. Тэр ч бүү хэл газ, давс, спирт зэргийг хүртэл байнгын бэлэн авч явна. Хөдөө гадаа явахад ямар ч нөхцөл, эрсдэл үүсээ билээ тиймээ:). Тийм болохоор автомашин зайтай байвал зүгээр.
Миний хувьд автомашины тав тух гэхээсээ илүү, хөдөө гадаа явж байхад эвдрээд таг зогсчихмооргүй, найдвартай байх нь чухал. Гэхдээ мэдээж техник юм чинь эвдрэл гарах л байх. Нөгөө талаас жолооч нь машинаа хэрхэн эдэлж хэрэглэх, механик автомашиныг хэр чадварлаг жолооддог зэрэг нь машины эдэлгээнд чухал нөлөө үзүүлнэ.


Механик автомашиныг гоё жолооддог байх нь өөрөө чадвар юм болов уу.
Автомашин сонгоход хувь хүний онцлог бас их нөлөөлдөг юм шиг. Би ер нь л хөдөө гадаа явахдаа дураараа явах дуртай. Замаа өөрөө зохиогоод л явчихдаг :). Өөрийгөө сорьсон, сонирхолтой замаар явах ч бас гоё шүү.
Их үнэтэй автомашин руу хошуурахаа больсон. Үнэтэй машин унаад хөдөө явахад жолоодлогоосоо кайф авч чадахгүй, машиндаа тохируулж явдаг бол харамсалтай. Ер нь хэт ухаалаг машин чинь Монголын нөхцөлд хэцүү л дээ. Нэг юм нь болохоо байхаараа хөдлөх ч үгүй таг зогсдог аюултай.
Уг нь эдийг чинь эдэлж хэрэглэх гэж л авдаг биздээ, харж баясах эсвэл хадгалах гэж авдаггүй байх:).
Өөрийн хэрэглээндээ тохирсон машин унах л хэрэгтэй л дээ.


Хэмнэлт хийх гэж байна гээд чанаргүй, Монголын нөхцөлд тохирохгүй автомашин сонгох нь тийм ч ухаалаг биш байх. “Эмэгтэй хүн хэрэггүй юмандаа хоёр дахин их мөнгө зарцуулдаг, харин эрэгтэй хүн хэрэгтэй юмандаа хоёр дахин их мөнгө зарцуулдаг” гэсэн үг байдаг. Хэрэглээгээ л зөв тодорхойлох хэрэгтэй.
Би өөрөө пүүз цуглуулах хоббитой. Үнэтэй пүүзээ өмсөөд шавар туулаад байвал бас хэцүү шүү дээ. Эдэлж хэрэглэж ч чадахгүй, үзүүлэн шахуу хайрцагт нь буцааж хийгэд л хадгалдаг. Тэгээд яг өдөр тутамд бол нөгөө л хөлд эвтэйхэн ганц, хоёр пүүзтэйгээ л найзалж байгаа юм. Машин бас ялгаагүй дээ. Надад олон машин байхгүй, одоогоор LADA-гаа л унаж байна. Яахав хүн хэрэглээгээ танаж болно. Гэхдээ “still” миний өдөр тутамд эдэлж хэрэглэж байгаа зүйл энгийн чамин, чанартай байвал гоё.


Товчхондоо бол миний Ниваг сонгосон шалтгаан бол ХЭМНЭЛТ, бас ХЭРЭГЛЭЭ юм даа.


Нивагаа аяллын зориулалттай болгож гоё тоноглохоор судалж байгаа. Удахгүй гоё болгоноо:), тоноглоход айхтар үнэтэй биш юм билээ. Надад багаасаа нөхөрлөсөн зүрхний хэдэн найзууд минь байдаг юм. Тэдэнтэйгээ жил бүр аялж зугаалах дуртай. Энэ жил баруун аймгуудаар аялах төлөвлөгөө байгаа. Гэхдээ, мэдээж энэ Covi-19-ийн нөхцөл байдлаас хамаарна л даа.

Гэрэл зурагчин: Piaa photography

Таны ажил, бизнесийн талаар

Би өөрөө камержуулалт, холбоо дохиолол, барилга гээд бүтээн байгуулалтын ажил бизнес эрхэлдэг. 20 гаран шижигнэсэн залуучуудтай хамтран ажиллаж байна. Бас тэдний өмнө хариуцлага хүлээж байна.


Би нээг их үнэтэй машин унаад л дарга царай гаргаад л ажилчидтайгаа дээрээс харьцах сонирхол байдаггүй. Ажлын талбай дээр адилхан бээлий өмсөөд л, шавар зуураад л, юу хийж байна түүнд нь туслаад л, зэрэгцээд л ялгарахгүй явдаг. Хоолоо хувааж иднэ, тамхиа хувааж татна. Хүн ёсны гоё харилцаатай байх гоё шүү. Хэдийгээр би ажил олгогч ч гэсэн бид адилхан нэг л зүйлийн төлөө хичээж хөдөлмөрлөж яваа үе тэнгийн залуу хүмүүс. Бид нэгдмэл байж чадвал хамтдаа илүү амжилтанд хүрч чадна гэж итгэдэг.

Гэхдээ би ажлын гүйцэтгэлийн хувьд 100% -ийн шаардлага тавьж, 100% -ийн үр дүнг хүлээж авдаг. Ажил гүйцэтгэлийн хувьд хариуцлагатай байдал, зарчимч чанар гэдэг маш чухал. Бид хариуцлагатай байж чадсан цагт сайхан амьдарна шүү дээ.       

Photo by: Piaa photography

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Холбоотой нийтлэл: Н. Наранбат: Нива бол романтик автомашин

 

LADA 4×4 Urban 5 Door автомашины техникийн үзүүлэлт, лизингийн мэдээлэл болоод тус автомашины 7 онцлог зэрэг мэдээллийг агуулсан брошур татах бол “ТАНИЛЦУУЛГА ТАТАХ” товч дээр дарна уу!

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.