Ж. Золзаяа: Шинэ, шинэлэг зүйлсийг турших дуртай

  • Өмнө нь унадаг байсан автомашин:  Toyota Kluger
  • Одоо унадаг автомашин: LADA Vesta SW Cross
  • Сонирхол: Ажилдаа дуртай. Нэг мэдэхэд ажил маань бүр миний хобби болсон байна. Мэргэжлийн чиглэлээр шинэ мэдлэг мэдээлэл авах, шинэ хүмүүстэй уулзах, шинэ зүйл турших зэрэгт цаг заваа их зарцуулдаг даа.  
  • Эрхэлдэг ажил: Монголын Үндэсний Маркетингийн Холбоо”- ны үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч, “Startup Marketing Space”ХХК-ий үүсгэн байгуулагч, Захирал.

 

Автомашинаа сонгосон тухай

 

Бид аймгуудаар явж, залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр байнга хийдэг болохоор компанид маань автомашины хэрэгцээ маш өндөр байлаа.  

 “SMS-Startup Marketing Space” компанийг надтай хамтарч үүсгэн байгуулсан Мөнхбаяр гээд залуу бий.

Бүр анх 2019 оны “Улаанбаатар Авто Шоу”-ны үеэр Мөнхбаяр машин сонирхож яваад ЛАДА Вестаг харсан. Бүрэн тоноглолтой, шинэ машин гэхэд 49,9 сая гэдгийг хараад бүр аягүй гайхсан гэсэн. Шинэ машин дундаа итгэмээргүй л хямд санагдсан юм шиг байгаа юм. 2008, 2009 оны хуучин Toyota Highlander гэхэд л 50 сая шүү дээ.

Манай Мөнхбаяр авах машинаа маш сайн судалсан. Яг өөрсдийн хэрэгцээ шаардлагаа тодорхойлоод, түүндээ тохирсон машинаа сонгох хүртлээ бид 5 сарын турш судалсан байдаг. Ерөнхийдөө судлаад байхнээ шинэ машины ач холбогдлыг л улам сайн ойлгоод байсан л даа. Ер нь залуучууд зөвхөн машин ч гэлтгүй байр худалдаж авах зэрэг чухал шийдвэр гаргахдаа “Энэ ямар бол?” гэж хүнээс асуухаас илүүтэйгээр өөрөө цаг заваа гаргаад маш сайн уншиж судлаад өөрийн судалгаандаа үндэслэж шийдвэр гаргадаг байгаасай гэж боддог. Бид авах машиндаа 4 шалгуур үзүүлэлт тавьсан:

  1. АЮУЛГҮЙ БАЙДАЛ: Хүн тээвэрлэх техник, ялангуяа байгууллагад чадах, чадахгүй олон хүн жолоодохоо бодвол автомашины АЮУЛГҮЙ БАЙДАЛ бидэнд нэн тэргүүнд чухал байлаа. Яг өөрөө унах машинаа хүн хүссэнээрээ л сонгож болох байх. Харин байгууллагад машин сонгоно гэдэг хүмүүсийн аюулгүй байдлын өмнөх хариуцлагын асуудал.
  2. ЗӨВ ТАЛДАА рүльтэй байх: Автомашины аюулгүй байдлын үндэс бол автомашины жолооны хүрд зөв талдаа байх шүү дээ. Бид залуу хүмүүсийн хувьд ч тэр бүхий л зүйл дээр зөв сонголт хийх чадвартай байх ёстой.
  3. ШИНЭ байх: Шинэ юмны үнэр гоё байдаг шдээ:). Байр, гэр орон, машин унаа зэрэг амьдралд өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлс маань шинэ байх нь хэмжээлшгүй их тав тухыг өгдөг. Бидний амьдралын чанарт нөлөөлдөг. Тав тухаас гадна, машин шинэ байх тусмаа л унаж байгаа хүндээ явдал чирэгдэл багатай байх юм болов уу.
  4. Үнэ боломжийн байх: Манай компани чинь өөрөө бас их залуу компани, тэгсэн хирнээ “StartUp” гарааны бизнес эрхлэгчдийг дэмждэг. 100, 200 саяын үнэтэй машин худалдаж авахын оронд гарааны бизнес эрхлэгчдийнхээ хөрөнгө оруулалтад төвлөрүүлэхээ илүүд үзнэ. Тиймээс үнэ боломжийн байх, хэрэглээний зардал бага байх зэрэг нь бас чухал л даа.
Гэрэл зургийг: Plus Media Studio

Веста бол бидний шаардлагыг яг л хангасан. Уг нь Lexus RX сонголтоор байж болох л байсан. Даанч хуучин. Нэлээн хуучин RX –ийн үнэ, өртөг нь л бараг Вестатай нэлээн дөхөөд ирж байна лээ. Гэтэл Веста бол цоо шинэ шүү дээ.

Анх би “Орос машин ямар байдаг бол” гэж жаахан эргэлзсэн л дээ. Тэгээд Веста бол Европ стандартын автомашин юм байна гэж мэдээлэл авсан – Европ чинь автомашины аюулгүй байдлыг бүрэн хангасан байхыг шаарддаг стандарттай. Мөн дизайны хувьд  гоё прагматик шийдэлтэй байгаа зэргийг нь судалж мэдсэн. Очоод яг биеэр үзээд, туршилтын жолоодлого хийж үзээд бүр их таалагдсан. Тэгээд л авахаар шийдсэн дээ:). Худалдан авах шийдвэр гаргалтад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл бол үйлчилгээ – ЛАДА өөрийн гэсэн засварын төвтэй, сэлбэгээ бүрэн нийлүүлдэг, тэр нь үнэтэй биш. Тухайн үед LADA Mongolia-аас шинэ машин авбал 50,000км гүйлт эсвэл 3 жилийн хугацаанд үйлдвэрийн баталгаа өгч,  20,000 км дотор 5 удаагийн сервис үйлчилгээ үнэгүй гэсэн урамшуулал бидэнд өгсөн. Энэ нь байгууллагын хувьд, 2, 3 жилийн хугацаанд овоо хөөрхөн зардал хэмнэнэ. Хэрэв бид хуучин машин авбал, авсан даруйдаа л юм хийлгээд л, засварын зардлыг шууд гаргаад л явна. Байгууллага дээр гардаг бас нэг том асуудал нь олон хүн янз бүрийн нөхцөлд жолооддогоос болж засвар үйлчилгээ хийлгэх шаардлага их гардаг. Энэ үед аль гайгүй машин мэддэг гэсэн хүндээ өгөөд л нэг засварын төв рүү явуулдаг. Тэндээс нь үнэн худлаа нь мэдэгдэхгүй эвдрэл гэмтэл хэлнэ, засаж дууссаныхаа дараа тэр нь тэгчихсэн байсан, тэрийг нь зассан шүү гээд төлөвлөөгүй хөлс нэхдэг. Хамгийн гол нь ямар ч баримт өгдөггүй. Харин албан ёсны засвар үйлчилгээ төв эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байдаг нь үнэхээр таалагдсан шүү.

Гэрэл зургийг: Plus Media Studio

 

10 сарын дараах сэтгэгдэл:

 

 

Вестагаа авснаас хойш 10,000км гүйсэн байна. Нийт хэрэглээнийхээ 50% -д нь хөдөө, 50%-д нь хотод унасан байна. Одоо хөл хорио тавигдахаар хөдөө, орон нутгаар явах төлөвлөгөөт ажил их байгаа. 100км-т шулуунд 7литр, хотод 11-12 литр бензин зарцуулж байна.

За надад хамгийн их таалагдсан юмнуудаа  хэлье:). Надад Салоны өнгө нь их таалагдаж байгаа. Маркетингийн хүн болохоор би өөрөө өнгөнд маш өндөр ач холбогдол өгдөг. Манай компани шаргал өнгийн зөгий агуулсан хөх, шаргал өнгөний солбицол бүхий логотой. Анх бид машинаа сонгохдоо манай логоны зөгийний өнгөтэй ижил гээд дотроо гоё шаргал салонтой, хөх өнгийн Вестаг сонгосон.

Ерөнхий дизайны хувьд бол цаанаа л элегант, “Cool”. Хот дотор унахад авсаархан, хөнгөн. Бид сэтгэл хангалуун байгаа. Үйлдвэрээс дөнгөж гарсан шинэ машин унаад явж байна гэдэг цаанаасаа л өөр шүү:).

Мөн салоны зай багтаамж нь их таалагдсан. Анх жолооны ард суухад бол нээх анзаарагдахгүй. Яг машинаа унаад, олон зориулалтаар хэрэглээд ирэхээр салоны арын хэсгийн зай, багаажны зай бол маш сайн. Веста хурд авалт бас сайн, эргэлт хийхэд аягүй гоё тулгууртай машин шиг санагддаг.

4 суудал нь дөрвүүлээ гоё халдаг. Цас оронгуут цонхны шил, толь нь өөрөөсөө халаагчтай болохоор цангаа шууд хайлуулдаг нь их таалагдсан. Энгийн хэрнээ бас нэг дурдах ёстой юм нь арын эгнээнд USB оролттой. Ард яваа зорчигч утас цэнэглээд өг, USB-ээ өгчих гээд жолоо барихад саад болдог. Манай машинд суусан зорчигчоос тийм үг сонсохгүй өөртөө үйлчилнэ үү гээд л болчихдог : ).

Гэрэл зургийг: Plus Media Studio

 

Хүмүүс Япон машинтай харьцуулахад ямар байна гэж их асуудаг. Миний хувьд анзаарагдсан зүйл нь өмнөх машинаас хот дотор жолоодоход бага зэрэг явдал хатуу санагдсан. Гэхдээ хөдөө, шороон замд явдал сайтай, зөөлөн. Харин аюулгүйн тоноглол, жолоочийг аюулгүй жолоодлого хийлгэх тав тух талдаа бол ярих юмгүй сайн. Жишээ нь хөдөө явж байхад дэржигнүүр хайргатай зам дээр огцом эргэхэд өөрийгөө тэгшилдэг, “сохор бүс” гэж ярьдаг жолоочийн толь, салхиний шилнүүдэд шууд харагддаггүй орчин багатай, ухрахын камер, мэдрэгч, аюулгүйн дэр гээд бүх зүйл нь бүрэн юм байна лээ. Яг унаад, хэрэглээд ирэхээр аягүй тулгууртай, дотор нь суугаад жолоо барихад бүх юмных нь харьцаа аягүй зөв санагдаад байгаа.

Веста бол ерөнхийдөө хагас механик автомашин гэж ойлгож болно. Энэ технологийг нь анх ойлгохгүй жаахан будлисан хэхэ. Энгийнээр бол араа солихдоо ашигладаг консийг нь компьютерээр зохицуулаад автомат машин шиг жолоодох боломжтой болгодог технологи юм байна лээ. Ийм кроптой машиныг жолоодоход бага зэрэг дасах шаардлагатай санагдсан. Эхэндээ бид тэрийгээ нээх тоохгүй автомат машин шиг жолоодоод байсан л даа. Машиныхаа эдэлгээг бодвол горимынх нь дагуу жолоодох нь зүйтэй.

Өмнө нь би дандаа л буруу талдаа рүльтэй машин унадаг байсан. Одоо зөв талдаа рүльтэй машин унаад ирсэн чинь давуу талуудыг нь аягүй мэдэрч байна. Буруу талдаа рүльтэй машин унадаг байхдаа би их буруу баримжаа авдаг, тэгээд зайгаа барьж мэдэхгүй, хажуугийн машинаа их шахаж явдаг байсан байна лээ. Одоо зөв талдаа рүльтэй машин унаад хэвшээд ирэхээр аягүй зүгээр юм билээ. Гүйцэж түрүүлэх үед ч гэдиймүү, орон зайн баримжааг маш зөв авч, зөв үйлдэл хийнэ.

Машинаа авсны дараа “Яагаад ЛАДА гэж?” гээд л хүмүүс их асуусан л даа. Тийм, тийм давуу талтай гээд тайлбарлахаар, дотор нь сууж үзээд л хүмүүс “Nice юм байна, гоё юм байна, ЛАДА-г ийм гоё гэж ерөөсөө бодоорой, ингэж өөрчлөгдсөн гэж ёстой бодоогүй” гээд л тэгдэг.

Гэрэл зургийг: Plus Media Studio

 

Веста таны хэрэгцээнд

 

Манай залуус Вестагаа унаад ажлаар орон нутгаар сайн явсан л даа. Их өндөр тэнхлэгтэй, тулахгүй гоё байна гэж байна лээ. Веста чинь өөрөөсөө 17 инчийн гоёлын обудтай. Бүр их бартаатай замаар явдаг хүмүүс бол обудаа жижгэрүүлж дугуйгаа тохирох хэмжээсээр соливол зүгээр санагдсан.

Ер нь Веста байгууллагын хэрэгцээнд бол их тохиромжтой л юм билээ. Манай байгууллагаас голчлон 3 хүн ээлжлээд Вестагаа унадаг. Хэн нь ч хаашаа ч унаад явсан авсаархан, бензин тосны зардал бага, өөрийнх нь үндсэн үнэ ч боломжийн, 3 жилийн баталгаат хугацаатай, байгууллагын нүүр царай болчхоор гоё дизайнтай:).  Байгууллагын хувьд баталгаат хугацаатай машинтай байна гэдэг чухал шүү.

Энд тэнд Веста унасан хүмүүстэйгээ тааралдахаар их гоё байдаг. Мэндлээд л, инээгээд л өнгөрдөг.

ЛАДА Нива клубийнхан зөндөө л аялаад байх шиг байна лээ. Одоо ЛАДА Веста клубээ байгуулаад гоё аялал хиймээр байна аа:).

Би Вестагаа хувьдаа бас унана аа. Чөлөөт цагаараа найзуудтайгаа өнгөрүүлэх дуртай. Манай найзууд мөн л удирдлагын түвшний ажил эрхэлдэг завгүй эмэгтэйчүүд байдаг. Тэгсэн хирнээ бүгд л машин барих дургүй төрлийн хүмүүс. Тэгээд амралтын өдрүүдээр найзуудаараа агаарт гарах болохоор би Вестагаа унаад л жолооч хийгээд явна даа:). Хөдөө явахад тулахгүй машинтай байна гэдэг бас нэг төрлийн эрх чөлөө шүү:).

 

Гэрэл зургийг: Plus Media Studio

 

Таны ажил мэргэжлийн талаар

 

Манай “SMS-Startup Marketing Space” нь энгийн нэг шинэ санааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнес болтол нь хөгжүүлдэг, маркетингийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлдэг компани. Бид “StartUp”гарааны бизнес эхлүүлэх сонирхолтой залуучуудад анхнаас нь маш зөв чиглэлийг өгч хамтран ажилладаг. Бид үндсэн 6 үйлчилгээг тогтмол үзүүлж байна:

  1. Зөвлөх үйлчилгээ,
  2. Сургалт хөтөлбөр,
  3. Зуучлах үйлчилгээ буюу бизнес хоорондын зууч, хөрөнгө оруулалтын зууч, хамтын ажиллагааны зууч гэх мэт үйлчилгээ үзүүлдэг.

Манайх орчин үеийн дэвшилтэд техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, нийт 415м2 талбай бүхий “Co-working space” буюу хамтын ажиллагааны оффистой. Манай оффист нийт 58 ажлын байр байна. 30 орчим компани байрлан ажилласнаар манай оффис нь өөрөө бизнесийн орчинд нетворкинг хийх, бие биенээсээ суралцах, туршлага судлах, сонирхол нийцсэн түншээ олох таатай орчин бүрдсэн байдаг.

“SMS Investor” Клуб байгуулж байгаа. Нэг талаас хөрөнгө оруулагчид болон нөгөө талаас гоё шинэ санаатай гарааны бизнес эрхлэгчид бие биенээ олж уулзах төв нь болно гэсэн үг. Бид хөрөнгө оруулагчдад болон гарааны бизнес эрхлэгчдэд аль алинд нь зориулсан хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.

  1. Хөрөнгө оруулалт,
  2. Төсөл,
  3. Хөтөлбөрүүд

 

Манай үйл ажиллагааны төрлийг “social enterprise” буюу нийгмийн асуудлыг шийдвэрлэж ашиг олох бизнес гэж ойлгож болно. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх тийм мундаг StartUp –уудыг төрүүлэх нь бидний зорилго. Тэгэхийн тулд бид олон улс орнуудаар явж бусад улс орнууд StartUp-гарааны бизнесийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж байгааг биеэр үзэж, судалгаа хийдэг. Ийм судалгаа хийхэд өндөр зардалтай. Би өмнө нь унадаг байсан Toyota Kluger машинаа зарж байгаад л 5-6 улсаар явж судалгаагаа хийж байсан. Тэгж л анх машингүй болсон байдаг юм:).

Бид орон нутгийн StartUp-ууддаа мөн сургалт явуулж нэлээн дэмждэг байгаа. Одоо гол 5 аймагт (Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дархан, Эрдэнэт) салбараа байгуулж байгаа. Тэгэхээр машины хэрэгцээ бүр өндөр л болох байх.

Би өөрөө олон нийтийн ажил хийгээд 12 жил өнгөрсөн байна. Бүр багаасаа л олон нийттэй харилцах дуртай,  “Networking” сайтай хүүхэд байсан. 2013 оны үед бол бид маш их сургалт, үйл ажиллагаанууд зохион байгуулдаг, олон нийтийн асар их ажил хийдэг байлаа. Өдөр бүр шинэ хүмүүстэй танилцана, өдөр бүр шинэ санаа, шинэ бизнес ярина. Хүн капитал буюу хүрээллээр энэ бизнес өсч, тэлдэг гэж ойлгож болно.

 

Гэрэл зургийг: Plus Media Studio

 

Одоогийн залуу боловсон хүчдийн талаар

 

Одоогийн залуучууд бие даах чадвар илүү сайжирсан. Түүнийгээ дагаад Enterpreneur болох сонирхол бүхий давлагаа бидний хойноос хүч түрж орж ирж байна. Өнгөрсөн жилийн НҮБ-ийн судалгааны дүнгээс харахад 18-34 насны залуучуудын 92% нь хувиараа хөдөлмөр эрхлэх сонирхолтой гэсэн байна лээ.

Монголд нэг талаас ажил олгогчийн санал болгож байгаа нөхцөл, нөгөө талаас ажилтны хүлээлт, сонирхлын хооронд томоохон “GAP” үүссэн анзаарагдаж байгаа. Залуучууд ажиллах орчны таатай байдал, хамт ажиллаж буй хүмүүсийн сэтгэлгээ, хандлага, менежментийн арга барил зэргийг их хардаг болсон байна. Ялангуяа хуучны захиргаадалтын арга барилаар залуучуудыг ажиллуулах боломжгүй болсон дүр зураг харагдаж байна. Ажлын цаг заавал 09:00 – 18:00 байхаас илүүтэйгээр уян хатан байвал ажилтны бүтээлч байдалд эерэгээр нөлөөлнө гэж үздэг залуус олон болж.

Нөгөө талаас ажилгүй байгаа залуучуудаас судалгаа авахад ажил голсны улмаас ажилгүй байна, биеийн хүчний ажил хийх сонирхол нь улам л буурсаар байгаа ажиглагдсан.

Гэрэл зургийг: Plus Media Studio

 

Холбоотой нийтлэл: А. Ялгуун: LADA XRAY бол миний анхны автомашин

1 Comment

  • Tserendorj munkhbat says:

    Lada brendiin mashiin surtalchilsand tand bayarlla herev songolt hiih bol holboo barih dugara

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.