Д. Бум-Эрдэнэ: LADA бол амьдралын хэв маяг

  • Өмнө нь унадаг байсан автомашин:  Land Cruiser Prado 150, Land Cruiser 200 гэм мэт ер нь Toyota брэндийн автомашин унадаг байсан.
  • Одоо унадаг автомашин: LADA 4×4 Urban 3 Door, Land Cruiser 200
  • Сонирхол: Бясалгал, фитнесс, уул – ой модонд аялах, мэргэжлийн ном, хэвлэл, судалгааны ажил унших. Нива унаснаас хойш off-road аялал сонирхдог болсон:).
  • Эрхэлдэг ажил: “MMCG” ХХК-ий үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал,  ММХы Дэд ерөнхийлөгч, “Cannes Lion” болон “ESOMAR” -ын Монгол дахь албан ёсны төлөөлөгч,

 

Автомашинаа хэрхэн сонгосон тухай…

 

Надад тусгайлсан автомашины хэрэгцээ байгаагүй. Заримдаа 3 тонн том машин унаад хотын түгжрэлд жаахан түүртэх, 30-35 литр түлш зарцуулаад л , хэрэглээний зардал нь хэт их санагдах үе байсан л даа.  Сард бараг нэг хүний цалинтай дүйцэх зардлыг би машиндаа зарцуулах нь зөв эсэхэд эргэлздэг. Хот дотор унах хөнгөн, авсаархан автомашин байвал зүгээр юм даа гэж битүүхэн дотроо боддог л байсан болохоос биш зорьж хайж судлаагүй байсан.

Нэг өдөр ажлаар явж байгаад LADA Mongolia Showroom дотор байсан цэнхэр өнгийн, 3 хаалгатай Нива автомашин дотор санамсаргүй сууж үзсэн. Тэгээд л дурлацан юм даа:).

Нива бол яг л хуучны пянз тоглуулагч гэдэг шиг, автомашины аналог загвар юм л даа.

Яг нэг хөөрхөн тоглоом шиг, авсаархан… хүний сэтгэлийг татах нэг сонин чанар Ниванд байдаг. Дурлацан болохоор их олон нарийн зүйлсийг тооцож үзэлгүйгээр цэнхэр Нивагаа авсан даа.

Хэрэв би Ниватай санаандгүй тэгж тааралдаагүй байгаад машинаа сольё гэвэл LAND 200 -ийн сүүлийн загвараас л сонирхох байсан байх.

Гэрэл зурагчин: Piaa photography

 

9 сарын дараах сэтгэгдэл: Эхэндээ Нивагаа буцаагаад зардаг ч юм билүү гэж бодсон

 

Механик машин сайн барьж чаддаггүй байлаа. Нива авсан өдрөө би Нивагаа унаад Энхтайваны гүүр давах гэж байгаад машинаа хойшоо алдахаа шахаад, айгаад, “Би ер нь юу хийчих вээ, ямар шийдвэр гаргачихав аа”гэж яг бодсон л доо:). Буцаагаад зардаг ч юм билүү гэж бодсон:).

 

Удаа ч үгүй, LADA клубийн анхны аялал зохион байгуулагдаж би Нивагаа унаад хамт явсан. Миний анхны авто аялал болсон л доо. Авто аялагч Ижилмөрөн ахын зааварчилгаа дор бид том уул, давааг хэрхэн давах, гол гатлах, намаг шаварт хэрхэн маневр хийж жолоодох зэрэгт суралцсан нэг өдрийн бараг бартаат замын жолоодлогын сургалт болсон.

Клубийн аялалд явсныхаа дараа л би ямар зориулалттай, ямар машин авсныгаа ойлгосон л доо.

  • Бартаат замд зөөлөн юм байна
  • Уул өөдөө хөнгөн юм байна
  • Баргийн шаварт суудаггүй юм байна гээд л туулах чадвар ер нь сайн, жин бага, мосттой өндөр учир Land 200 очих газар бол Лада очих юм байна, зарим талаараа бараг битүү ATV, KTV-гийн үүрэг гүйцэтгэчхээр юм байна гэж ойлгосон.

20 -оод жил машин барихдаа ер нь машин барьж сураагүй байсан юм билээ л дээ. Том өндөр уулыг яаж давах уу? Араагаа яаж тохируулах уу? Уулын уруу уруудахдаа тоормосоороо биш хүнд араагаараа автомашиныхаа хурдыг сааруулж, жолоодлогоороо буудаг зэргийг сурсан.

Ялангуяа механик автомашиныг горимын дагуу жолоодох нь аюулгүй байдал талаасаа маш чухал юм билээ.  

Тэр аяллаас хойш бол Нивандаа хорхойсож, унаж эхэлсэндээ. Өнгөрдөг өвөл бол Land 200, LADA Niva хоёр машинаа яг л ээлжлээд л унаад байсан. Сая хавраас эхлээд 100% Нива руугаа шилжиж өдөр тутамд унадаг болсон. Яагаад гэхээр Нива хот дотор ч бас хөнгөн авсаархан байна. Үнэнийг хэлэхэд, өмнө нь би Орос машин бүтэхгүй байх л гэж боддог байлаа. Нивагаа авсныхаа дараа ч тэр битүүхэн дотроо “за хэзээ бүтэхээ байх бол” гээд л бодож унасаар байгаад нэг жил өнгөрсөн байна. Ямар  ч асуудал үүссэнгүй.

Клубийн ахлагч, Авто аялагч Ижилмөрөн ахдаа бас талархах ёстой. Ниваг жинхэнэ утгаар нь тэгж унах боломж бүрдээгүй байсан бол би бараг Off-road амьдралын хэв маяг гэж юу байдгийг ч мэдэж, мэдрэхгүй, Нивагаа зарцан л байгаа байх. Шинээр LADA авсан хүмүүс ер нь клубийн аялалд нэг хамт явах хэрэгтэй л санагдсан.

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Нива таны амьдралын хэв маягт

 

Би веган хоолтон болсноос хойш 10 жил өнгөрсөн байна. Бясалгал, фитнесс хийдэг. Бие, сэтгэл, оюуны тэнцвэрээ хадгалах тал дээр анхаардаг. Тиймээс ууланд, ой модонд аялах нь миний амьдралын чухал хэсгүүдийн нэг л дээ.

Улаанбаатарчууд бид жилийн турш ажиллаж ажиллаж байгаад л жилд нэг л удаа олон хоногоор Хөвсгөл ч юм уу явдаг. Би маш олон төсөл, олон компанитай зэрэг ажиллаж маш завгүй байдаг. Гэсэн хэдий ч манайх гурван жаахан хүүхэдтэй. Болж өгвөл гэр бүлээрээ ойр ойрхон байгальд гарах дуртай. Жилд нэг л удаа хөдөө явах нь багадаад байдаг л даа. Зүгээр л хагас сайн, бүтэн сайн өдрүүдэд хот орчмын аяллыг ойр ойрхон хийхэд Нива маш амар байдаг.  Хотоос 5км, 10км гарахад л бүр хол хөдөө явснаас өөрцгүй сайхан байгальтай газар зөндөө байдаг. Ер нь Нива авсан хүн гэртээ байгаад байдаггүй юм билээ л дээ. Ялангуяа Нива унадаг эрэгтэй хүн бол уул, хад руу тултал нь өгсмөөр л санагддаг юм билээ:). Ниванийхаа хүчийг үзэх бөөн кайф шүү:).

 

Нивагийн онцлог гэвэл бартаанд маш зөөлөн явдалтай. Дийлэнх off-road автомашинууд урдаа, хойноо чулактай байдаг болохоор жаахан хатуу.  Нива болохоор хойноо чулактай, урдаа үл хамаарах тэнхлэгтэй учраас их донсолгоотой бартаат замд зөөлөн юм билээ. Мөн Нива автомашины дугуй хоорондын зай донсолгоо, бартаанд маш тохиромжтой байдаг нь ч бас нөлөөлдөг байх.

 

Гачууртын “Шар хоолой” гэж газар манай лагерь бий. Нэг өдөр би гэрийнхээ яг зүүн талын уулын ой модон дунд Нивагаараа явсаар байгаад даваад, доошоо уруудахад Тэрэлжийн гол байсан. Манай гэрээс Тэрэлжийн гол тийм ойрхон байдаг гэж мэдээгүй, төсөөлж байгаагүй. Гэрээсээ ердөө 20 минут үзэсгэлэнт ойгоор явсаар байгаад Тэрэлжийн голд ирнэ гэдэг миний хувьд маш гоё нээлт байлаа. Тэгээд би тэр голоо дагаад, Тэрэлжийн гүүр ороод Налайхын замаар хотод гэртээ ирэхэд миний шатахууны 3/1 нь л зарцуулагдсан байсан.

Тийм тансаг аялал, мэдрэмжийг 20,000 төгрөгт хийчихнэ гэдэг бол гайхалтай санагдсан л даа.

Тэрэлжийг мэдэхгүй, үзээгүй хүн байхгүй. Гэхдээ үндсэн замаас хазайгаад уулын замуудаар явахад гайхалтай үзэсгэлэнтэй газар олон байдаг юм билээ.

Би Land 200-аараа ялгаагүй тэгээд ууланд явж болно л доо. Гэхдээ Land 200 бол үнэтэй автомашин. Ойн мод, модны мөчирт зурагдан, элдвийн юманд гупер гэмтэх магадлал өндөр. Мөн нэг өдрийн турш дураараа тэгээд явахад чамгүй зардалтай шүү! Гэхдээ мэдээж Land 200 бол тухтай учир холын замд гэр бүлийн аяллуудад илүү тохиромжтой.

Off-road машин бол тохь тухын асуудал ерөөсөө биш, бартаат замд зориулагдсан автомашин бол өөр юм байна гэдгийг л ойлгосон доо.

Хүн off-road автомашин унаад, off-road амьдралын хэв маяг руу шилжиж байвал тав тух зэрэг нь тийм ч чухал биш л дээ. Автомашины зориулалтаас хамаарч хүлээлт бас өөр байх ёстой санагдсан.

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Off-road машин тоноглох нь бас их кайфтай ажил   

 

Нивагаар аялал хийхээс гадна, машин тэргээ тоноглоно гэдэг бол эрэгтэй хүний хувьд бас их гоё хобби юм билээ. Ялангуяа off-road автомашиныг тоноглоно гэдэг бол маш кайфтай ажил. Нивандаа нэг юм нэмээд хийхэд л маш гоё мэдрэмж авдаг. Үйлдвэрээс шинээрээ ирж байгаа Нива бол хамгийн бага тоногтой нь. Өөрийн хүссэн дүр төрх, илэрхийлэмжийг бүтээн тоноглох боломжтой. Би дажгүй тоноглосон гэж бодож байгаа.

  • Урд талыг дөрвөн хуруу өндөрлөсөн.
  • Уул хаданд явахад, том том чулуу мод ихтэй байдаг учраас би мотор кропны хамгаалалтын төмөр элгэвч хийлгэсэн.
  • Кроп нь жаахан дуутай. Би төмөр ирчакыг нь солиулж, кропны дууг намсгуулсан.
  • Улан-Үд рүү мотороо илгээж “ECU Tuning” хийлгүүлсэн. Ингэснээр би А92 бензин хэрэглэх боломжтой болж байгаа юм. Уг нь Нива Евро 5 хөдөлгүүртэй тул үйлдвэрээсээ А95 хийх стандарттай. Мөн моторын хүчийг 15%-аар нэмэгдүүлсэн. Шулуун замд хурд авах нь сайжирсан гэсэн үг. Бензин зарцуулалт 10%-аар багассан
  • 3 хаалгатай Ниваны хойд багааж жижиг. Тиймээс би Jimny ачаа дээр нь тавьсан. Яг таардаг юм билээ.
  • XPEL хуулга хийлгүүлсэн. Би бут, бургас, ой модон дунд явах их дуртай учраас Нивагаа бас зурчихмааргүй байлаа.
  • Хөгжим суурилуулсан.
  • Алсын гэрэл хийлгүүлсэн.

Одоо хил нээхээр сноркел хоолой, любётка, спорт гупер зэргийг нэмж хийлгүүлэхээр хүлээж байна.

Монголын ийм сайхан байгальд, off-road аялал хийх боломжтой байна гэдэг сайхан. Эрэгтэй хүн off-road аяллыг ямар нэгэн байдлаар хийгээд, тэр гоё мэдрэмжийг авсан үед, түүнийгээ амьдралын хэв маягаа болгохыг хүсэх юм билээ. 

LADA бол яалт ч үгүй, надад амьдралын нэг шинэ хуудас нээж өгсөн л дөө.

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

LADA ба гэр бүл

 

LADA унаснаас хойш миний аяллын тоо нэмэгдсэн л дээ. Энэ зуныг тэсэн ядан хүлээж байлаа. Бодож төлөвлөсөн аяллуудаа хийж өгнө дөө.  Энэ зуны төлөвлөгөө бол ачаан дээрээ майхнаа ачаад л хот орчмын ойрхон аялалд их явна. Хүүхдүүдтэй, хөвгүүдтэйгээ цагийг их өнгөрүүлнэ, хээрийн хоол хийж өгнө. Хүүхдүүдээ интернет, технологиос хол байлгах маш хэцүү болж. Бид хүүхдүүддээ хийх илүү сонирхолтой сонголтуудыг бий болгож, өгөх ёстой, агаар салхинд дагуулж явах ёстой гэж бодож байна. Бага зардлаар, үнэ цэнэтэй, гоё амьдралын хэв маягийг бий болгоход Нива нөлөөтэй гэж харж байгаа.

 

Ойрхон off-road аялалд би хөвгүүдээ авч явдаг. Том хүү маань одоо 14 настай, машин техникт сонирхолтой. Хотын амьдралд хүүтэйгээ тухтай уулзаад, юм ярих ч боломж олдохгүй байх нь их. Яагаад гэхээр өдөрт бидний хийдэг зүйлс өөр. Хүүтэйгээ хамт ойрхон аялалд явах нь хүү бид хоёрын харилцаанд маш эерэг нөлөөтэй байх болов уу гэж бодоод байгаа. Яг энэ насанд нь би хүүгийнхээ найз нь байх ёстой. Тэгэхийн тулд хүү бид хоёрт хамтдаа хийдэг ямар нэгэн зүйл байх ёстой. Тэр бол бидний Нива аялал байж болох юм гэж бодсон л доо.

Гэрэл зурагчин: Piaa photography

 

LADA ба минимализм

 

Хүний анхаарлыг дээд зэргээр татдаг автомашин. Хот дотор явахад хүн бүр нүд унагадаг. “LADA хэд идэж байна, ямар байна гэж асуухын тулд” цагдаа намайг 3 удаа зогсоосон байдаг юм:).

Хүмүүс магадгүй бусдад сайхан харагдахын тулд том, үнэтэй машин авч унадаг байх. Бид илүү минималист практик хэрэглээтэй байх нь зөв гэж бодох болсон. Бас моторын хэмжээ бага учир хот дотор 10 литр орчим л иднэ гэсэн үг, тэгэхээр цахилгаан машин шиг биш ч бас эко гэж харж байгаа. Хүлэмжийн хий нь хүн төрөлхтөнд хамгийн том аюулыг дагуулахаар байгаа учир, аль болох бензиний шатах тослох материалын хэрэглээг бууруулах юмсан гэж боддог. Яг одоохондоо Тесла энэ тэр унахад дэд бүтэц арай хангагдаагүй байна.

Энэ одоо хоцрогдсон LADA уналаа гэж харах сэтгэхүйтэй хүмүүс ч байдаг л байх. Харин ч эсрэгээрээ би тэдний өмнө баяртай, бахархалтайгаар LADA-гаа унадаг. Ковидын үед зөвхөн автомашин дээр ч бус ер нь хүн хэрэглээндээ энгийн атлаа чанартай зүйлсийг ухаалгаар сонгох, илүү минималист, хэмнэлттэй амьдрах шаардлага үүсэж байна.

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Таны ажил мэргэжлийн талаар:

 

Би MMCG компанийнхаа гүйцэтгэх захирлаар ажиллахын зэрэгцээ Монголын Маркетингийн Холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашдаг. Мөн ESOMAR олон улсын судалгааны нийгэмлэг болон Канны Лионс Интернэйшнл Креатив маркетингийн наадмын Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байна. 

Эдгээр ажил үүргүүдийнхээ хүрээнд маркетингийн шинэ дэвшилтэт чиг хандлагуудыг Монголдоо хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэдэг. Өдгөө маркетингийн чиг хандлага нийгмийн болон экологийн асуудлуудыг онилж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхүйц үнэт зүйл бүтээх илүү агуулга сайтай зорилго тавьдаг болсон. Канны зар сурталчилгааны криетив Лионс наадмын төлөөлөгчийн хувьд жил бүр түрүүлсэн бүтээлүүд дээр аналитик хийдэг. 10 бүтээлийн 9 нь нийгмийн асуудалд чиглэсэн виртуалаар 10-c дээш сая хүнд хүрсэн ажлууд байдаг. Энэ нь зүгээр “Зөв” харагдахдаа ч биш, эцсийн дүнд бизнест илүү ашиг тусдагийг компаниуд тэр бүр ойлгохгүй байх нь бий. Энэ хүрээнд “Нийгмийн Маркетинг Форум”  санаачилсан маань уламжлал  болон зохион байгуулагддаг болсон. Даанч энэ жил Ковидоос болоод хийж чадсангүй.

Одоогийн байдлаар Маркетингийн холбоотойгоо хамтран Ковидын үед байгууллагын маркетингийн стратеги ямар байх ёстой зөвлөмж гаргахаар ОУ-ын байгууллагуудын тайлангуудыг уншиж, хувийн хэвшлийхэнтэйгээ уулзаж байна. Одоо Ковидын үед тогтсон хэвшил энэ чигтээ тогтоно гэж үзэж байгаа учир, шинэ амьдралын хэв маягт тохируулж бизнес модель, маркетингийн бодлогоо өөрчлөх ёстой. 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Холбоотой нийтлэл: Н. Наранбат: Нива бол романтик автомашин

 

LADA 4×4 Urban 5 Door автомашины техникийн үзүүлэлт, лизингийн мэдээлэл болоод тус автомашины 7 онцлог зэрэг мэдээллийг агуулсан брошур татах бол “ТАНИЛЦУУЛГА ТАТАХ” товч дээр дарна уу!

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.