Б. Ижилмөрөн: ЖАРАН хоногт ТҮМЭН километр

  • Өмнө нь унадаг байсан автомашин: УАЗ 469, Nissan Patrol Y60, Y61, Y62
  • Одоо унадаг автомашин: Patrol Y61, F250, LADA 4х4 Urban 3 Door
  • Сонирхол: Авто спорт, техникт сонирхолтой-усан онгоцны болон автомашины модель хийдэг, аялах дуртай.
  • Эрхэлдэг ажил: Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг

 

Автомашинаа сонгосон тухай

 

LADA Монголд орж ирнэ гээд нэг жилийн өмнөөс л эхлээд сураг дуулсан. 2019 оны 04 сард LADA албан ёсоор нээлтээ хийсний дөнгөж маргааш нь өглөө би ирж Ниваг үзэж байсан, загвар дизайн яг хэвээрээ, хэзээний дотно сайхан санагдаж байлаа.  

Надад тухайн үед автомашины онцын хэрэгцээ байгаагүй. Нива бол миний хувьд хүүхэд наснаас л хэзээний танил, мэддэг юм шиг хирнээ яг эдэлж, хэрэглэж байгаагүй, мэдэхгүй техник байсан. Тиймээс яг хэрэглээд үзэхийг хүссэн. Би өөрөө техникт их дуртай, сонирхолтой, тэр маань бас Ниваг сонгоход нөлөөлсөн байх. Яагаад ч юм Нива их онцгой автомашин, бүр сонирхол татаад байсан л даа.

Эргээд бодохнээ би Нивагаа хоёр зорилгоор авсан байна.

  1. Техникийн талаасаа би өөрөө сонирхож байсан байна.
  2. Хоёрт гэвэл Ниваг дагасан олон цуу яриа байдаг. Хүмүүс сайн ч гэнэ, “Муу гэсээн” ч гэж ярина. Тэгж ярих хүмүүсийн ихэнх нь Ниваг өөрсдөө унаж үзээгүй байх нь олон.

Товчхондоо, зуун дамжсан энэ автомашиныг техник талаас нь сонжих гэж авсан. Яг өөрөө бодитоор эдэлж, хэрэглэж мэдрээд, тэр олон явган цуу ярианд хариулт олохыг хүссэн хэрэг.

Би аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг, авто аялал зохион байгуулдаг. Нива бартаат замын автомашин болохоор миний ажлын онцлогт яг тохирч байлаа. Нэгэнт авсных ажилдаа бас ашиглана гэж бодсон л доо. Ниваг Мото аялалд “support car”-ын үүргээр авч явахад тохиромжтой санагдсан.

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Зөвхөн Нива гэлтгүй ер нь автомашин худалдаж авахдаа би хэдхэн зүйлийг бодолцож үздэг.

  1. Үнэ өртгийг мэдээж сонирхоно
  2. Өөрийн үнэндээ тохирсон байна уу гэдгийг харна.
  3. Надад тухайн автомашины хэрэгцээ юу билээ, миний хэрэгцээ, шаардлагад хэр нийцэж байна гэдгийг харна.

Товчхондоо бол тухайн автомашин өөрийн хүчин чадалдаа тохирсон үнэ өртөгтэй байна уу?, Миний хэрэгцээ, шаардлагыг өөрийнхөө түвшинд хэр сайн хангаж чадах вэ? гэдэг хоёрын харьцааг сайн хардаг гэсэн үг л дээ.      

Тухайн үед 0км-тэй цоо шинэ Нива 35 сая гэдэг бол маш боломжийн үнэ. Мөн, олон хүнд таалагддаг нэг зүйл бол лизингийн нөхцөл юм болов уу гэж анзаарсан. 10% урьдчилгаа төлөөд, 8 жилийн хугацаанд бага багаар төлж болно гэдэг нь олон хүнд Ниваг худалдан авах боломжийг олгож байгаа юм болов уу. Нива 3 хаалгатай, 5 хаалгатай гэж сонголт бий. 5 хаалгатай нь арай хойшоо урт, илүү зайтай. Миний хувьд Нивагаа би өөрөө л унах учраас цомхон байх тусмаа л зүгээр. Тэгээд ч Нива автомашины анхны загвар нь 3 хаалгатай, түүгээрээ ч танигдаж сэтгэлд хоногшсон учраас би 3 хаалгатай ЛАДА 4х4 (Нива) Урбан автомашинаа 2019 оны 08 сард худалдан авч байлаа.

Гэрэл зурагчин: Piaa photography

 

60 хоногт 10,000 км

 

2019 оны 08 сард Нивагаа худалдаж аваад ердөө 7 хоногийн дараа би хүмүүстэй аялалд гараад явсан. Төв, Дундговь, Өмнөговь, Булган, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Эрдэнэт, Дархан зэрэг 9 аймгийн нутгаар нийт 60 хоногт 10,000км замыг туулсан байна лээ. Түүн дундаа Хонгорын элс, Нарантаац, Хэрмэн цав  гээд говийн алс нутгууд, Хөвсгөлийн Зүүн тайга, цаатан түмний нутаг, Тэнгис Шишхэд голын бэлчир гээд Монголын хамгийн хүнд гэж тооцогдох хэт бартаатай замаар аялсан. Говийн дэржигнүүр, намаг, шавар, бул чулуу гэх мэт хэт бартаат замаар ямар ч асуудалгүй туулаад ирсэн. Нива миний төсөөлж байсан хүлээлтээс ч давсан, найдвартай сайн хүлэг болохоо тэр урт аяллын хугацаанд харуулж чадсан.  

Хэт бартаат замаар удаан аялал хийгээд явахад мэдээж техникийн жижиг, сажиг асуудал гаралгүй л яахав. Ноцтой асуудал бол нэг ч гараагүй.

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

5 хоногт 2400 км буюу 2020 оны Нива

 

2020 оны шинэчлэгдсэн Нива LADA Mongolia дээр буугаад удаа ч үгүй байсан. Сая 6 сарын эхээр бид “ШИНЭ” Ниваг турших зорилгоор цоо шинэ 5 хаалгатай Ниваг 5 шөнө, 6 өдрийн аялалд хамт авч явсан. Бид Өмнийн говийн бүр цаа дахь говийн гүн рүү нийт 2400 км –ийн аяллыг ямар ч саадгүй туулаад ирсэн. 1200км засмалаар, 1200км шороон замаар явсан. Шинэ Нива шулуундаа 100км-т 8-9литр, шороон замд 10-11 литр бензин зарцуулж байна билээ. Энд онцлоход говийн зам гэдэг бол Монгол орны хамгийн адармаатай бэрх зам. 4 зорчигчтой, ачаа тээштэй, А/С ашиглаж, мөн дээр нь шахуу хөтөлбөртэй, шуурхай явсан гэхэд 1700сс хөдөлгүүртэй техникийн хувьд 100 км-т 10л шатахуун зарцуулна гэдэг хэвийн, бүр сайн гэмээр үзүүлэлт юм даа.

2020 оны шинэчлэгдсэн Ниваг 2019 оны өмнөх загвартай нь харьцуулахад:

  • Суудлууд илүү тав тухтай болсон,
  • Дуу чимээ нь багассан байна,
  • Хянах самбар бүрэн электронжсон, агааржуулалтын удирдлага электрон болсон
  • 5 хаалгатай Ниваны хувьд битүүмж сайн байна, шороо тоос огт асуудал биш болсон байна.
  • Таазны доторлогоо өөрчлөгдсөн
  • Манангийн гэрэл нэмэгдсэн зэрэг зүйлс анзаарагдлаа. Миний дурдаагүй өөр өөрчлөлтүүд бий л дээ.

2020 оны Шинэчлэгдсэн Ниваны хувьд сэтгэл ханамж 100%, Монгол орны зам, орчин нөхцөлийн “Гарын ая”-ыг даахаар болжээ. Итгэж болох унаа болж. Маш тухтай болсон байна билээ. 2019 оны Ниваны хувьд бол тусгай зориулалттай автомашин, сонирхдог хүмүүс л сонирхоно биз ээ гэж боддог байлаа. Харин 2020 оны Ниваг бол хэн бүхэнд л санал болгомоор машин болсон байна. Ялангуяа 5 хаалгатай Нива зай талбай сайтай, залуу гэр бүлүүдэд илүү тохиромжтой санагдсан. Шинэ залуу гэр бүлүүд жижиг тэрэгтэй бол тэр бүр агаарт гарах, аялал хийхэд намдаад амаргүй байх. Нива бол явахгүй газаргүй. Гэр бүлээрээ “Үнэ цэнэтэй” цагийг хамтдаа өнгөрүүлэх боломжтой болно. Залуу хүмүүсийн хувьд бас эрүүл мэнд, амьдралын хэв маягтаа оруулж буй нэг төрлийн хөрөнгө оруулалт юм даа.

Гэрэл зурагчин: Piaa photography

 

10 сарын дараах сэтгэгдэл

 

Миний өөрийн Нива одоогоор нийт 13,000км орчим явсан байна. Анх өвлийн хүйтэнд хот дотор 15литр орчим бензин зарцуулаад байсан шүү. Одоо 100км-т хот дотор 10литр, шулуун замд 7,5литр орчим бензин зарцуулж байна.

Салон нь яг хуучнаараа гэж хүмүүс их гоочилдог. Надад бол харин ч эсрэгээрээ сонирхолтой. Салон нь ямар ч байлаа гээд би Ниваг худалдаж авах л байсан. Энэ чинь off-road машин шүү дээ. Гэхдээ сая 2020 онд салон, суудлууд бүрэн шинэчлэгдээд илүү тав, тухтай болсон байна.

Ниваны тухайд off-road машин гэдгээс гадна надад 3 зүйл их таалагдаад байгаа.

  1. МИНИМАЛИСТ: Минималист, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүст яв цав тохирсон автомашин.
  2. ЗАЙ БАГА ЭЗЭЛНЭ: Зогсоол, талбайд байршуулахад авсаархан, граж-д зай бага эзэлнэ.
  3. АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ БАГА: Сэлбэг, засварын үнэ нь харьцангуй хямд. Хойно Улан-Үдэд Ниваны сэлбэгийн төрөлжсөн дэлгүүр, үйлчилгээ зөндөө байдаг ч тээврийн зардал, татвараа бодвол Монгол дахь дистрибьюторын үнээс ялгаагүй юм билээ. Харин Нива машинаа Монгол дахь ЛАДА – ийн албан ёсны дистрибьютороос нь авах нь үйлдвэрийн баталгаа өгдөг давуу талтай.

Ниваг унаад гадуур явахад хүмүүс их сонирхдог шүү. “Шинэ Нива ямар байна?, Хэд гэж байна?” гээд их асууна.

Зөвхөн Монголчууд төдийгүй, Дэлхий нийтээрээ Ниваг маш сайн мэднэ. Гадны жуулчид ирэхээрээ Монголын тал нутгийг Нивагаар туулах сонирхол маш өндөр байдаг.

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Нива таны хэрэглээнд

 

Нивагаа ихэнхдээ хөдөө аяллаар явахдаа л унадаг. Өвөл хотод хэсэг унасан. Маш дулаахан шүү. Гэхдээ гадаа дулаараад ирэхээр би мотоцикл унадаг юм.

Нива үйлдвэрээсээ Евро 5 стандарттай, А95 бензин хийх ёстой. Моторын цахим удирдлагаа Орос руу авч яваад “ecu tuning” хийлгэсэн. Ингэж бензиний актоныг нь өөрчилснөөр миний Нива А92 бензин зарцуулах боломжтой болж байгаа юм. Моторын хүчийг 15%-аар нэмэгдүүлж, бензин зарцуулалт 10%-аар багассан.

Би ямар ч машиныг хэрэглэхдээ үйлдвэрийн (stock) энгийн байдлаас нь нэг алхмаар ахиулж буюу арай хүчитгэсэн байдлаар тоноглож ашиглахыг хүсдэг. Яагаад гэвэл Монгол орны байгаль, цаг уур, замын нөхцөл маань үүнийг шаарддаг. Тэгж тоноглосон машин илүү найдвартай, тав тухтай, явдал гүйдэл нь сайжирдаг.
Энэ ч утгаараа Ниваны дөрвөн амортизаторыг нэг ахисан түвшний хүчитгэсэн амортизатор тавьчихвал илүү санагддаг. Гэхдээ зөвхөн миний бодол шүү! Үүнийг мушгин гуйвуулаад “Ниваны амортизатор муу” гэж ойлгож болохгүй.
Алс хязгаар нутгаар явдаггүй, хотод ихэвчлэн ашигладаг машинд бол ингэх шаардлагагүй ээ, “stock” хувилбар нь илүү зөөлөн, зохимжтой.

Нивандаа нэмэлтээр хийсэн юм гэвэл:

  • Любётка буюу өөрийгөө татагч
  • Snorkel буюу агаарын хоолой
  • 40мм-ын өндөрлөгөө хийсэн.

Би ер нь Нивагаар хийсэн аяллын зураг, бичлэг, сэтгэгдлээ фэйсбүүк найзуудтайгаа чөлөөтэй хуваалцсаар ирсэн. Сонирхсон, магтсан, шүүмжилсэн, гоочилсон, өөнтөглөсөн олон янзын сэтгэгдэл, хандлагыг хүлээж авсан. Техникийг ойшоох, ойлгох хүн хүний л үнэлэмж юм даа.

Б. Ижилмөрөн: Усан онгоцны болон автомашины модель хийх сонирхолтой.

 

Таны ажил, мэргэжлийн талаар

 

Би аялал жуулчлалын салбарт ажилладаг. Хүний хөл бага хүрдэг, Монголын үзэсгэлэнтэй газар нутгаар авто аялал зохион байгуулдаг. 2020 онд Монголын аялал жуулчлалын салбар тэр чигтээ Covid-19-т өртсөн байна. Тийм болохоор энэ жил, тэр бүр хийж амждаггүй дотоодын жуулчдад зориулсан цөөн хэдэн чанартай аялал зохион байгуулахаар төлөвлөөд эхнээс нь хийгээд явж байна даа.

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

 

Холбоотой нийтлэл:Д. Бум-Эрдэнэ: LADA бол амьдралын хэв маяг

 

 

LADA 4×4 Urban 5 Door автомашины техникийн үзүүлэлт, лизингийн мэдээлэл болоод тус автомашины 7 онцлог зэрэг мэдээллийг агуулсан брошур татах бол “ТАНИЛЦУУЛГА ТАТАХ” товч дээр дарна уу!

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.